Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нар НИТХ-ын дарга Д.Ихбаяртай уулзаж, төсвийн зарцуулалт, бүтээн байгуулалтын ажлын явц болон тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Уулзалтын үеэр Ерөнхий сайдын санаачилсан “Хүүхдийн төлөө за бол заавал хийе” хөдөлгөөний хүрээнд хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламж, талбайг яаралтай тодорхойлж, аюулгүй болгох ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байна.
Мөн олон нийтийн цагдаагийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, камержуулалтыг нэмэгдүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцжээ.
Түүнчлэн сүм хийдийн үйл ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол, санал нэмэгдэж байгаатай холбоотойгоор холбогдох хууль шинэчлэгдтэл илэрсэн зөрчлийг арилгах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон байна.







